Thursday, December 10, 2015


Кобигийн шийдвэрийн дараа

Манай гарагийн бүх цаг үеийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Коби Брайант энэ улирлын төгсгөлд зодог тайлахаа мэдэгдсэн.
Түүний энэ шийдвэрийн талаар сагсан бөмбөгийн ертөнц шуугиж байна.
Лос-Анжелес Лэйкерстэй мэргэжлийн спортын замналаа зориулсан Коби Брайантын ҮСБХ-нд тоглож байгаа хорь дахь улирал эцсийнх нь болох тухай мэдээлэл түүний “Сагсан бөмбөг чамдаа” нэртэй 39 мөр бүхий шүлгээр нийтэд тархсан. 37 настай супер од энэ шийдвэрээ тайлбарлахдаа, “Би энэ талаар удаан бодсон. Өнгөрсөн зун энэ тухай Жордантай ярилцсан. Бас зодог тайлахаа хэрхэн шийдсэн тухай олон тоглогчтой зөвшилцсөн. Хэзээ нэгэн цагт би их спортыг орхих шийдвэр гаргах л байсан. Чамд сагсан бөмбөг тоглох хүсэл байгаа юу гэж толь руу харж байгаад өөрөөсөө асуух хэцүү. Гэхдээ бодит байдал намайг зогс гэж хэлж байна” гэж ярилаа.
Кобигийн зодог тайлах шийдвэр сагсан бөмбөгийн ертөнцийг цочроож, энэ спорттой холбоотой хүмүүс өөрсдийн бодлоо илэрхийллээ. Лэйкерсийн домог Мэжик Жонсон, “Брайант сагсан бөмбөгт долоон хоногийн долоон өдрийг зориулж, энэ спортоор өдрийн 24 цаг амьсгалж байсан. Тэр Майкл Жорданд дөхөж очсон цорын ганц тоглогч. Би түүний энэ шийдвэрийг хүндэлж байна. Түүний энэ шийд өөрт нь ч, Лэйкерст ч, хөгжөөн дэмжигчдэд ч хэрэгтэй. Тэд Коби явахыг эрт мэдэж авсан, түүнгүйгээр хэрхэн тоглохоо эртнээс төлөвлөж эхэлсэн нь багийн ирээдүйд хэрэгтэй” гэж ярилаа.
Германы супер од Дирк Новицкий Жонсонтой санал бүрэн нийлсэнгүй. Тэрбээр, “Коби миний бүх цаг үеийн хамгийн шилдэг нь, түүнтэй тоглох аз завшаантай байсандаа насан туршдаа баярлаж явна. Түүнийг зодог тайлсанд харамсаж байна” гэж мэдэгдлээ.
Индианагийн лидер Пол Жорж Кобигийн эсрэг сүүлийнхээ тулаанд 39 оноо авч, багаа ялалтанд хүргэсэн. Пол Жорж, “Би Жорданы тоглолтыг олон удаа үзэж байгаагүй. Тиймээс миний Жордан бол Коби байсан. Би түүнийг хэрхэн тоглож, хэрхэн аварга болохыг харж өссөн, түүний хөдөлгөөнүүдийг дууриадаг байсан, Тэр бидний үеийн үлгэр дуурааль байсан”  хэмээн ярьж, өөрийн шүтээнээ зодог тайлж байгаад харамслаа илэрхийллээ. 
Өнөө цагийн дэлхийн шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Кевин Дюрант ч мөн адил харамсаж байгаагаа нуусангүй. Оклахомагийн од, “Сүүлийн хэдэн жил сэтгүүлчид түүнд дэндүү муухай хандаж, тогтмол түүнийг муулж байсан. Одоо тэдний хандлага өөрчлөгдөнө гэж найдаж байна. Миний хувьд бол Коби сагсан бөмбөгийн хөгжил асар их хувь нэмэр оруулсан агуу тоглогч, тэр энэ спортод үүрд нэрээ үлдээсэн. Хувь хүний хувьд ч агуу хүн” гэж Брайантын тухай сэтгүүлчдэд ярьсан байна. 
Эдгээрээс гадна сагсан бөмбөгийн олон одод Кобигийн шийдвэрт харамссанаа илэрхийлсэн. Дашрамд хэлэхэд Брайантын шүлэг нийтлэгдсэнээс хэдхэн хормын хугацаанд Лэйкерс-ийн зочлон тоглолтуудын тасалбарын үнэ гурав дахин өсчээ. Харин Брайантын магадгүй сүүлчийн тоглолтын өдөр ирэх оны дөрөвдүгээр сарын 13-ны Юта-гийн эсрэг тоглолтын хамгийн хямд тасалбар 125 доллараас 400 хүрч, энэ үнэ нь цаашид улам өсөх хандлагатай байна. 

No comments:

Post a Comment